Манай орны өмнөд хөрш болсон Хятадын ард түмэнтэй монголчууд бид эртнээс харилцаж ирсэн зузаан түүхтэй. Энэхүү түүхийн гэрч болж үлдсэн, монголчуудтай холбогдох арвин их өв дурсгал БНХАУ-ын нутаг дэвсгэрт оршиж байдаг. Ялангуяа Хойд Хятадын нутаг дэвсгэрт монголчуудтай холбогдох олон мянган дурсгал буй бөгөөд тэдгээрийн цөөнхийг л судлаачид олж илрүүлсэн, цаашид ч үргэлжлүүлэн судалсаар буй гэдгийг МУСГЗ, Хэл бичгийн ухааны доктор Я.Ганбаатар өгүүлж байв. 13 дугаар зууны үед Монголын их Юань гүрний нийслэл байсан өнөөгийн Бээжин хотод гэхэд л судлаачдын олж илрүүлсэн 40 гаруй дурсгалт газар байдаг.
Жишээлбэл, Хубилай хааны гүнжийн сүм, Цагаан үүлийн сум, Тэнгэр шинжих ордон, Хубилай хааны ордны сархадын хаш сав, Хутун гудамж зэрэг нь бүгд хүн төрөлхтний түүх, соёлын гайхамшигт өв дурсгал болж үлдээд ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвийн бүртгэлд бүртгэгдсэн байна.
Түүхийн уртад үлдсэн ой дуртгалууд, нүүдэлчдийн эрхэлдэг аж ахуй болон соёлын холбоотой тогтсон үндэстний онцлог бүхлээрээ нийлж байж Монголын гэх тодотголтой оршихуйн хэлбэрийг бүтээдэг. Харин тэрхүү ой дуртгалын өвөрмөц онцлогийг ном судар, бичгийн хосгүй үнэт өв, хүн төрөлхтний соёлын гайхамшиг болсон уран барилга, эд өлгийн зүйлс тодорхойлж чадна.
ОНЦЛОХ НЬ
Хятадад төрийн алба хашсан 10 гаруй жилийн хугацаанд эрдэм судалгааны ажлаа огтхон ч гээгээгүй хүн бол доктор Я.Ганбаатар. Бид хоёр Хятад дахь монгол өвийн талаар нэлээд ярилцсан бөгөөд түүнээс онцлохыг нь уншигч танд хүргэе.
Тэрбээр “Судалгаанаас үзэхэд, Хубилай хааны байгуулсан их гүрний нийслэлийг Хятадаар Дайду гэж нэрлэдэг. Тухайн үед монголоор “Хаан балгас” хэмээн нэрлэж байсан. Энэ хот бол дэлхийд хосгүй үзэсгэлэнтэй хот байсан гэж Италийн алдарт аялагч Марко Поло дуу алдсан байгаа юм. Евро Азийн өргөн уудам газар нутгийг хаа байсан Ром, Италиас 20-иод мянган км туулж, замын дунд байгаа хэдэн арван үндэстэн, ястан, улс гүрнийг дайран өнгөрсөн энэ хүн баргийн юманд сэтгэл хөдлөхөө больсон, юм үзэж нүд тайлсан байж тэгж дуу алдана гэдэг үнэхээр агуу их, том, үзэсгэлэнтэй, сайхан хот байсныг илтгэнэ” хэмээн яриагаа эхлүүлэв.
Мэдээж хүний ертөнцийн олон зуун мянган жилийн хөдөлмөр, оюун ухааны шимээр бүтсэн тоолж баршгүй их өв тэнд бий. Үүн дотроос Бэйхай цэцэрлэг дэх Монголын түүх соёлтой холбогдох нэг томоохон дурсгал хадгалагдаж байдаг нь Хубилай хааны сархдын хаш сав ажээ.
Доктор маань энэ тухай “2003 онд шиг санагдаж байна. Төвдөч эрдэмтэн Л.Хүрэлбаатар багш Японд багшлахаар Бээжингээр дайрч явахдаа надад “Хубилай хааны хаш сав байдаг гэсэн, очиж үзье” гэх санал тавьсан. Хоёулаа сураглаж явсаар байгаад олж үзсэн” хэмээн дурсан өгүүлснээ “Бэйхай цэцэрлэг дэх Монголын түүх соёлтой холбогдох нэг томоохон дурсгал Туаньчэн хэмээх дугуй хотод хадгалагдаж байдаг нь 3,5 тонн, 4 метр диаметртэй, 70 см өндөр цул ногоон хаш чулуун сав юм. Хубилай хааны энэхүү хаш сав төрийн их ёслол, найр наадмын гол эд хэрэглэл байсан. Мэдээж тэр том хаш савыг сархдаар дүүргэнэ гэж үгүй. Тиймээс миний бодлоор айраг хийдэг байсан болов уу гэж таамагладаг. Энэхүү хаш чулуун сав нь Хятад улсын төрийн хамгаалалтад оруулсан байдаг түүх соёлын дурсгалт газар, эд өлгийн зүйлсийн жагсаалтын нэгдүгээр зэрэглэлийн чухаг нандин дурсгалд багтана” гэж бахархангуй ярив. Я.Ганбаатар судлаач цааш нь “Юань гүрний нийслэл Дайдугийн үед барьж байгуулсан хотын салшгүй нэгэн дүр төрх бол “Хутун” гудамж билээ. Хэл шинжлэлийн эрдэмтэд тус үгийг монгол хэлний “худаг” хэмээх үг гэж баталдаг бөгөөд Хятадын зарим докторууд ч мөн монголчуудын “хот” гэдэг үг мөн гэж бичсэн нь бий” хэмээсэн юм.
Ерөөс тухайн орны барилгын үзэмж, дорнын соёлыг орхигдуулаагүйгээс гадна монгол судрын зарим чимэглэлт санаа, хийц маягийг сүлэлдүүлэн хийсэн Хутун гудамжны өнцөг булан бүр нь чухам нандин өв бөгөөд хятадууд сүүлд сэргээн засварлаж, зарим нь яг л хуучин хэвээрээ хадгалагдаж байна. Хүмүүс түүхийг, урлагийг бүтээдэг. Бас тэд түүх, урлаг хоёрыг хадгалах үүрэг хүлээдэг нь бүтээхээс илүү хэцүү эд билээ.
БИЧГИЙН СОЁЛ БА БҮТЭЭГЧИД
“Бидний өвөг дээдэс зөвхөн дайтаж байлдахыг мэддэг харанхуй бүдүүлэг, харгис хэрцгий хүмүүс байсангүй. Харин ч бусадтай мөр зэрэгцэн явж энэ бүхнийг бүтээлцсэн юм шүү! гэдгийг хойч үеийнхэнд хүргэх зорилгоор би судалгааны ажилдаа турхруу зүтгэдэг” гэж Я.Ганбаатар судлаач яриагаа үргэлжлүүлсний хойно онцлох томоохон өв дурсгал бол “Цавчаал боомтын хаалга” юм.
“1342 онд Тогоонтөмөр хааны зарлигаар баригдсан Цавчаал боомтын хаалганы голд Монголын нийслэл Улаанбаатар хотын сүлдтэй ижил бүхий хурмастын эзэн хангарьд шувууны сийлбэр дүрс, Бурхан багш хийгээд Хубилай хааныг магтан дуулсан зургаан хэл бичгээр сийлсэн шүлэг бий. Энэ нь долоон зууны тэртээх хүн төрөлхтний хосгүй өв бөгөөд монгол урчуудын ур ухаан шингэсэн үндэсний онцлог бүхий хээ хуараар ихэд чимэглэгдсэн байдаг. Бичгийн болоод уран баримлын соёл нэг дор шингээсэн энэхүү байгууламжийн сийлбэрт нь монгол ардын үлгэрт гардаг эвтэй 4 амьтны өгүүлэмж хүртэл бий”.
Цавчаал боомтын хаалга сүрлэг байдал, уран нарийн хийцнээс гадна дээр өгүүлсэн дуулал шүлгүүдээрээ алдартай. Энэ бол олон зууны тэртээх бичгийн соёлын гайхамшигт өв юм. Бурхан багш хийгээд Хубилай хааныг магтан дуулсан тус шүлгүүд XVI зууны үеийн уран зохиолын дурсгалт бичгийн тоонд ордог. Монголын дөрвөлжин үсгээр бичигдсэн дурсгал цөөн байдаг. Ихэнх нь лам болоод ноёдод олгосон пайз болон зоосон дээрх үсэг зэрэг л бий тухай академич Ц.Дамдинсүрэн “Монголын уран зохиолын тойм” номдоо дурдсан билээ. Тийм ч учраас Цавчаал боомтын хаалганы дуулал шүлэг бичгийн ховор нандин өв болох нь гарцаагүй бөгөөд эртний монголчуудын оюун сэтгэлгээний охь юм.
Я.Ганбаатар докторын яриа эндээс бичгийн өв соёл руу шилжив. Тэрбээр “БНХАУ-ын Ганьсу мужийн У-вэй хотоос хойш 3 орчим км байх Ши бэй-коу хэмээх газар Индү вангийн гэрэлт хөшөөний бичээс бий. Хятадад байх бусад хөшөөний бичээстэй харьцуулахад, хэмжээний хувьд том бөгөөд магнайн бичээс нь 4 мөр, үндсэн бичээс нь 54 мөр, 1500 гаруй үгтэй. Мөнхүү би “Цагаан үүлийн сүмд” зочилж явахдаа Чингис хааны Чанчунь бомбод бичсэн захидал хадгалагдаж байгааг олсон” гэв.
Мөн 1242-1246 оны үед төрийн эрхийг барьж байсан Өгэдэй хааны зургадугаар хатан Дөрэгэнэ хатны зарлигийн бичээс БНХАУ-ын Хэнань мужийн Арван зүгийн их Зи Вэйгүн сүмд бий. 1240 онд бичсэн тус зарлигт 10 мөр нангиад бичээс, зарлигийн гол санааг агуулсан 3 мөр, 15 үг бүхий монгол бичиг сийлсэн байдаг нь Дөрэгэнэ хатны нэртэй холбогдох эдүгээ мэдэгдэж буй цорын ганц дурсгал юм. Цаашид төр барьж байсан хатадтай холбоотой соёлын томоохон өв олдохыг үгүйсгэхгүй бөгөөд монгол судлаачид маань шаргуу хөдөлмөрлөх ёстойг Я.Ганбаатар доктор нухацтайгаар сануулан хэлсэн билээ.
2024-12-16
2024-12-13
2024-12-12
2024-12-11